Wednesday, September 3, 2014

Орчуулгын онол дадлага



Орчуулгын ажлын үе шат
Аль нэгэн зохиол бүтээлийг, ялангуяа уран зохиолын орчуулагч хүн хичнээн их мэдлэг чадвар, туршлагатай байлаа ч уг зохиолыг өөр хэлээр хэрхэн орчуулсан байна вэ гэдгийг сонирхохоор барахгүй шимтэн судалдаг нь санамсаргүй тохиолдол огт биш, харин ч зайлшгүй үйл явц мөн. Орчуулгын чанар чансаа нь нэг талаас орчуулагчийн ур чадвар, туршлагаас шалтгаалах төдийгүй бас судалгаа шинжилгээний ажлыг хэр зэргийн өндөр төвшинд хийж вэ гэдгээс ихээхэн шалтгаална. Тиймээс орчуулагчийн бүтээлч хөдөлмөр гурван чухал үе шатыг дамждаг.
I үе шатанд орчуулагч хүн эх зохиолын агуулга, бичлэгийн найруулгын өнгө аяс,
хэлний илэрхийллийн арга барилыг нарийн нягт задлан шинжлэх судалгаа шинжилгээний ажлыг зайлшгүй хийж гүйцэтгэх ёстой. Үүнд үгийн олон салаа утгыг зөв ухаарах, нийлэмж үгийн бүрэлдүүлбэр бүрийг жинхэнэ утгаар нь таних, өгүүлбэрийн бүтэц, найруулгын өвөрмөц шинж болон үндэсний онцлог үгс, өвөрмөц хэллэг, хэлцийн шилжүүлэн дүрсэлсэн утга санааг тайлж мэдэх зэрэг иж бүрэн шинжтэй судалгааны ажлыг орчуулагч хийдэг. Өөрөөр хэлбэл эх зохиолдоо үгийн сан, хэл зүй, найруулга зүйн талын задлан шинжилгээ хийж эх зохиолоо бүрэн өөриймшүүлэхийн тулд мэдлэг боловсролынхоо нөөц бололцоог дүүрэн ашиглахад хүч чармайлтаа дайчлах нь чухал.
 II үе шатанд ингэж задлан шинжилж ухаарч таньснаа орчуулж байгаа хэлний бүх хэрэглүүрийг ашиглан хэрхэн оновчтой илэрхийлэн гаргах аргаа орчуулагч сонгон авна. Тэгэхдээ орчуулж байгаа хэлний хэм хэмжээ /үгийн сан, өгүүлбэр зүй, найруулга зүйн бүх хэм хэмжээг/ хатуу баримтлах нь чухал. Өөрөөр хэлбэл хэлний бүх төвшинд эх зохиолын эд эс бүрийг ямар аргаар, хэрхэн оновчтой зөв илэрхийлэх арга замаа орчуулагч нухацтай тогтоож орчуулгынхаа анхны хувилбарыг гаргана.
            III үе шатанд нэгэнт тэрлүүлсэн орчуулгынхаа анхны хувилбарыг тунгаан шүүж илүүдсэнийг танаж хасан дутаасныг нөхөн залруулж орчуулгаа гараас гаргаснаар орчуулгын ноён нуруу босно. Орчуулгаа дахин дахин нягтлан засвар хийж залруулах, олон дахин нарийн нягт боловсруулах нь орчуулгыг төгс төгөлдөр болгох гол нөхцөлийн нэг мөн. Онолын талаар авч үзвэл орчуулгын ажил нь задлан шинжлэх буюу задлаг байдлаар эхэлж нэгтгэн дүгнэх буюу нийлэг байдлаар төгсдөг. Энэ нь орчуулгын задлаг шинжийг эрдэм шинжилгээний талтай, нийлэг шинжийг уран сайхны талтай хослуулж байгаа хэрэг мөн.
Үүнээс үзвэл орчуулгын ажил нь ур чадварын төдийгүй эрдэм шинжилгээний ажлын арга барилыг орчуулагчаас шаарддаг гүн гүнзгий агуулгатай ажил байна. Орчуулгын ажлын үе шатны эдгээр онцлогийг орчуулагч эс ойшоовол орчуулгад үг, өгүүлбэр нэмж хасах, хэллэг болон өгүүлбэрийн найруулга, утга агуулгыг гажуудуулах, бүрхэгдүүлэх алдаанд хүрдэг.  
Орчуулгыг аман, бичгэн, үгчилсэн, үсэгчилсэн гэх зэргээр маш олон хувааж үздэгээс гадна ямар ч төрлийн орчуулга хийлээ гэсэн орчуулагч хүний баримтлах ерөнхий зарчим адил юм.
1.      Юуны өмнө зохиогчийн санааг бүрэн дүүрэн гаргах үүрэгтэй бөгөөд үндсэн санаанаас гадна хэлэх аяс далд утгыг хүртэл нарийн буулгах
2.      Орчуулагч дур зоргоороо санаа нэмж. хасаж болохгүй
3.      Уншигчийг ойлгоход бэрх, хоёрдмол санаа төрүүлэхүйц үг хэллэг, өгүүлбэр аль болох байлгахгүйг хичээх
4.      Зохиогчийн хэлэх гэсэн санааг тойруу замаар олон үгээр нуршихаас болгоомжлох
Орчуулгыг 1. Нийтлэлийн, 2. Мэргэжлийн, 3. Уран зохиолын гэж ангилж болно. Энгийн үг хэллэгийн, өвөрмөц хэлцийн гэх зэргээр орчуулгыг цааш  лавшруулан зүйлчилж болох боловч ихэнх тохиолдолд дээрх гурван ангилалдаа багтдаг.
1.      Нийтлэлийн орчуулгад сонины өгүүлэл, сурвалжлагаас эхлээд зар, мэдээ, нийтлэл зэргийн орчуулгыг хамааруулж болно.
2.      Мэргэжлийн орчуулгад улс төр, эдийн засаг, хими, биологи, анагаах ухаан гээд хүмүүнлэгийн болон байгалийн ухааны бүх төрлийн нарийн мэргэжлийн сэдвээр хийх орчуулгыг хамааруулна.
3.      Уран зохиолын орчуулгад өгүүллэг, найруулал, эсээ, бодрол, эрэгцүүллээс эхлээд шүлэг, яруу найраг, томоохон хэмжээний тууж, роман хүртэлх утга уянга, үгийн урлагтай холбоотой бүх төрлийн орчуулгыг хамааруулж үзнэ.
Орчуулга хийхийн өмнө тухайн сэдэв зүйл аль ангилалд хамаарахыг тогтоож, үг хэллэг, найруулгыг нь харгалзах хэрэгтэй. Тухайлбал нийтлэлийн зохиол гэхэд нэр томъёо, үг хэллэг, найруулга зүйн талаараа хэвшмэл шинжтэй болсон байдаг. Freedom of speech, election campaign, peace policy, on the international arena, гэх мэт хэвшмэл хэллэг, илэрхийллүүд ихээр тааралдах бөгөөд төрөлх хэл дээрээ тухайн салбарынхаа сэдэв зүйлийг тогтмол уншиж байвал орчуулга хийхэд тустайн дээр ямар ч хэлний нийтлэлийн зохиолд үг хэллэг нь нийтлэг байдаг болохоор үг өгүүлбэрийн хэлбэржилтийг хэлзүйн талаас нь мэдэж байвал орчуулга хийхэд хялбар болно.
Мэргэжлийн орчуулгыг хаа хамаагүй хөндлөнгийн хүн хийх нь ховор. Хими биологийн мэргэжлийн хүн дэлхийд сүүлийн хоёр жилд нээгдсэн шавьжны тухай өгүүллийг орчуулж байхад анагаах ухааны талаар мэргэжсэн нэг нь Монголын эмч нарын шинэ туршлагын талаар гадаад хэлээр бичиж байх жишээтэй. Нийгэм эдийн засгийн мэргэжлийн хүн мөнгөний ханшны уналтын талаарх мэдээллийг орчуулж, түүх мэддэг хүн Чингис хааны тухай эндүү ташаа ойлголтонд харь хэлээр няцаалт өгөх боломжтой. Түүнээс биш хэл уран зохиолын анги төгсгөсөн хүн математик гаргалгаа орчуулж, худалдаа бизнесийн хүн эрүүл мэндийн салбарын бүтээл хөрвүүлэх нь үгүй. Тиймээс мэргэжлийн орчуулга хийх хүн өөрөө тухайн сэдэв зүйлээ сайн мэддэг байх шаардлагатай. Энэ төрлийн бүтээлүүдэд owing to (учраас), in view of the fact that (-сан учраас), in this connection (үүнтэй уялдан), spite of (боловч), therefore (ийм учраас), in conclusion (дүгнэж хэлэхэд), consequently (тэгэхээр) гэх мэт үг хэллэгүүдийг өргөнөөр ашиглаж, учир шалтгааныг тодруулах нь бий.
Утга зохиолын орчуулга бол бусад төрөл зүйлийн орчуулгуудаас хамгийн ярвигтай. Орчуулагчийн ур чадвар, авъяас билгийг дээд зэргээр сорин шалгах төрөл билээ. Тиймээс ч утга зохиолын орчуулгыг өндөр түвшинд хийж чаддаг хүн өөр ямар ч төрлийн орчуулгыг төвөггүй хийж дөнгөдөг.

3 comments:

  1. гоё нийтлэл болсон байна.

    ReplyDelete
  2. баярлалаа таны блог үнэхээр таалагдлаа

    ReplyDelete
  3. баярлалаа таны блог үнэхээр таалагдлаа

    ReplyDelete