Wednesday, September 3, 2014



1.      Бага боловсролын түвшний гадаад хэлний боловсролын үзэл баримтлал
ХХI зуунд нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагын дагуу Боловсролын хууль шинэчлэгдэн боловсролын салбарын чиг хандлага өөрчлөгдөж улмаар гадаад хэлний боловсролын агуулга өргөжих болллоо. 1997 оноос батлагдсан гадаад хэлний сургалтын талаар төрөөс баримтлах бодлогоор англи хэлийг нэгдүгээр гадаад хэл болгон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдаар түлхүү судлуулахаар тогтож гадаад хэлийг V ангиас зааж эхэлсэн билээ.
2005 оноос хойш гадаад хэлний боловсролын стандарт шинэчлэгдэж, ерөнхий боловсролын сургуулийн тогтолцооны бүтэц өөрчлөгдөж 11 жилийн тогтолцоонд шилжсэн тул англи хэлийг нэгдүгээр гадаад хэлний хувьд бага боловсролын түвшний 4 ангиас эхлэн 11 анги төгстөл нийт 8 жилийн хугацаанд судлуулах болсон.
Шинэчлэгдсэн стандартын дагуу гадаад хэлний боловсролыг түлхүү хөгжүүлэх чиг хандлага тогтсоноор хувь хүний хэрэгцээг харгалзан агуулга, арга зүйг хөгжүүлэх шаардлага бий боллоо. Гадаад хэлний боловсролын хэрэгцээ нь хувь хүний болон нийгмийн дараах эрэлт хэрэгцээ, захиалгаар тодорхойлогдоно:
Ø  Гадаад хэлний боловсролыг хүн төрөлхтөний соёлын үнэт зүйл болохынх нь хувьд хүртэж, өөрийн тогтвортой хөгжлийг хангах
Ø  Хувь хүн оршин байхын тулд өөрийн танин мэдэхүйн хэрэгцээгээ хангах, сурах арга барил эзэмших, гадаад хэлний сэтгэлгээ, аргуудыг асуудал шийдвэрлэхэд хэрэглэх
Ø  Даяарчлалын эрин үед олон хэлний мэдээллийн орчинд өөрийн гэсэн байр сууриа олох
Ø  Гадаад хэлний ярианы болон бичгийн хэлбэрээр харилцах, мэдээлэл хүлээн авч боловсруулах чадвар дадлаар хувийн хэрэгцээгээ хангах, асуудал шийдвэрлэхэд ашиглах
Ø  Гадаад хэлний зохих шатны ярианы болон бичгийн хэлбэрээр харилцах чадвартай болсноор өөрийн үнэлэмжийг дээшлүүлж, хамт олон болон нийгмийн дунд байр сууриа бэхжүүлж хамтран амьдрах нөхцөлөө хангах
Ø  Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй болсноор мэдлэг боловсролоо ахиулах, мэргэжлээ дээшлүүлэх, амьдрал үйл ажиллагаатай холбох
Ø  Гадаад оронд бие даан явах, суралцах, гадаад хэлээ ашиглан үйл ажиллагаанд оролцох
Гадаад хэлний боловсролын зорилго нь нийгмийн харилцаанд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, харилцан ойлголцоход гадаад хэлний боловсролын шаардлага, хэрэгцээг хангахуйц цогц чадамж бүхий иргэн төлөвшүүлэхэд оршино.
Бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмших түвшинд гадаад хэлний боловсрол нь дараах зорилттой байна. Үүнд:
а. Бага боловсролын түвшинд суралцагчид гадаад хэлийг эхлэн сурах, харилцах анхан шатны мэдлэг, чадвартай болно
б. Суурь боловсролын түвшинд суралцагчид амьдрал ахуй- нийгэм соёлын хүрээнд тухайн хэлээр уншиж ойлгох, эх орон, гэр бүл болон өөрийгөө танилцуулах, бусадтай энэ хэмжээнд харилцах чадвартай болно.
в. Бүрэн дунд боловсролын түвшинд суралцагчид эзэмшсэн мэдлэг, чадвараа бататган гүнзгийрүүлэхийн зэрэгцээ шинжлэх ухаан, техник, улс төр, мэдээллийн хялбаршуулсан материалыг сонсон ойлгох, унших, ярих, харилцах чадвартай болно.
Гадаад хэлний боловсролын агуулга, арга зүйг хэрэгжүүлэхэд дараах дидактик зарчмыг баримтална. Үүнд:
Ø  Хэлийг хэл шинжлэлийн тогтолцооны хувьд заадаг арга барилаас татгалзаж гадаад хэл, хэлний дүрмийг хэрэглээний түвшинд прагматик тогтолцооны үүднээс индуктив замаар эзэмшүүлэх
Ø  Хэл нь харилцааны үндсэн хэрэглүүрийн хувьд нийгэмших үйл явцын салшгүй хэсэг бөгөөд хэл ярианы тусламжтайгаар нийгэмд бусадтай хамтран амьдрах арга хэрэглүүр байх
Ø  Хэл яриа бол үндэсний соёлын илрэх хэлбэр, хүн-хүн, хүн-байгаль, хүн-нийгэм гэсэн тогтолцоонд ертөнцийг үзэх үзлийн илрэл байдаг учир бусад орны соёлыг эзэмшиж байгаа утгаар нь хэл яриа эзэмших баримжааг гол болгох
Ø  Бичгийн болон аман харилцааны нийгмийн ёс жаягт дүйцэх, хувийн ёс зүйн хэрэгцээг хангахуйц хэл ярианы /дискурс/ арга хэлбэр, загварыг эзэмшүүлэх
Ø  Суралцагчид ахуй амьдрал, үйл ажиллагааны явцад гадаад хэлийг харилцааны хэрэглүүр болгон хэлэхүйн дөрвөн төрлийн үйл ажиллагаанд суралцах
Ø  Багш нь сургах, суралцах үйл явцыг зохион байгуулах менежер байна. Сургалтын үйл явц нь уян хатан, аливаа шинэлэг санаа, арга барил, соёлын бусад материалд нээлттэй байх.
Сүүлийн үеийн боловсролын шинэчлэлийн хүрээнд 12 жилийн сургуулийн тогтолцоонд шилжиж байгаа тул дээрх чиглэлийг баримтлахын зэрэгцээ англи хэлийг 5-12 дугаар ангид суралцагчдаар судлуулна. 5 ангид суралцагчид уншиж бичихгүйгээр зөвхөн сонсох, ярих анхан шатны чадвар эзэмшинэ. Харин 6 дугаар ангиас эхлэн англи хэлний цагаан толгойтой танилцан уншиж бичих чадвар эзэмшиж цаашид аажмаар хөгжүүлэн гүнзгийрүүлнэ.
Бага боловсролын түвшинд суралцагчид англи хэлийг хоёр жилийн турш судалж анхан шатны мэдлэгтэй болно. Эхний жил бичиг үсэг нүдлэхгүйгээр зөвхөн сонсох, ярих чадвараа хөгжүүлнэ. Энэхүү хандлага нь шинжлэх ухааны үндэстэй юм. Хүн аливаа хэлийг сурахад эхлээд шууд бичиж, уншиж сурдаггүй харин сонсож бусдыг дууриан ярьж, олон дахин давтаж орчноос сурдаг туршлага дэлхий дахинд нийтлэг болсон байдаг. 4-р ангийн суралцагчид аливаа зүйлийг сонсголоороо хүлээн авахдаа сайн, дуурайх болон ойлгох чадвартай, хийсвэр сэтгэлгээний хөгжил зохих түвшинд хүрээгүй ч биетээр хийж гүйцэтгэхдээ сайн, хамтран ажиллах боломжтой, тоглох дуртай харин аливаа зүйлийг хурдан мартдаг онцлогтой учраас давтах дасгалыг байнга хийлгэж бататгах нь чухал ач холбогдолтой.
Багш нар бага насны хүүхдийн онцлогт тохирсон сонсох, ярих дасгал даалгавар боловсруулж, хичээлээ аль болох идэвхитэй, тодорхой үйл ажиллагааны хэлбэртэй зохион байгуулах ёстой. Суралцагчид агуулгын хүрээнд тусгасан бүлэг сэдвийн дагуу ихэвчлэн өргөн хэрэглээний үг, энгийн өгүүлбэрийг цээжилж тогтоох, давтах, тоглох, цээжилж тогтоосон үг хэллэгийн хүрээнд энгийн өгүүлбэрээр хоорондоо харилцах аргаар англи хэлийг хэрэглэж сурна.
5 дугаар ангид суралцаж буй суралцагчид сонсох, ярих, унших, бичих чадварыг хослуулан энгийн түвшинд эзэмших тул багш нар унших, бичгийн чадварыг нь хөгжүүлэхэд анхаарна. Энэ ангийн суралцагчид англи хэлний цагаан толгой үзэж бичиж, уншиж сурна гэсэн үг. Агуулгын хүрээний дагуу судлах сэдэв нь давтагдан гүнзгийрч байгаа тул суралцагчид өмнөх сууринд тулгуурлан англи хэлийг залгамж холбоотой суралцах бүрэн боломжтой.
   Гадаад хэлний боловсролыг чанартай эзэмшүүлэхийн тулд дэд бүлгээр зохион байгуулж сургалтын зохих орчныг бүрдүүлнэ. Түүнчлэн сургалтын техник хэрэгсэл, мэдээллийн технологи, стандартын шаардлага хангасан сурах бичгийг ашиглан суралцагчдын гадаад хэл сурах арга барил эзэмшүүлэх, бие дааж суралцахад түлхүү анхаарна.
ЕБС-ийн англи хэлний сургалтын агуулгад суралцагчдад хэлний хэрэглээний мэдлэг эзэмшүүлэхийн зэрэгцээ судалж буй хэлээр ярьдаг хүмүүсийн соёл, уламжлалаас сурах бичигт тусгаж өгдөг. Хэл соёл хоорондоо нарийн шүтэлцээтэй тул тухайн хэлийг дангаар нь судлах явдал өрөөсгөл болно. Мөн суралцагчид дэлхий ертөнц бидний глобал орчин, бид бүгдээрээ нэг бөмбөрцөг дээр хамтран амьдарч, хамтран үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн санааг өгч хамтын нийгэмлэгийн бүтээлч идэвхтэй гишүүн болж төлөвшихийн ач холбогдлыг ойлгуулах хэрэгтэй байдаг. Тийм ч учраас гадаад хэлний сургалтад хэлийг нь үзэж байгаа орны соёл буюу орон судлал чухал ач холбогдолтой. Хүрээлэн буй орчны асуудлыг авч үзэхийн зэрэгцээ хүний хөгжлийн асуудлыг тусгаж өгсөн жишээг англи хэлний сурах бичгээс авч болно. Жишээлбэл, англи хэлний үндэсний сурах бичигт англи хэлтэн орнуудын түүх, газар зүй, соёл урлаг зэрэг сэдвийг оруулж өгсөн нь дээрх санааны илэрхийлэл болсон юм.
Гадаад хэлний сургалтын хөтөлбөр
Гадаад хэлний сургалтын хөтөлбөр гадаад хэлний боловсролын стандартад нийцүүлсэн тодорхой зорилго, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээ бүхий үйл ажиллагааны тогтолцоог илэрхийлсэн удирдамжийн баримт бичиг мөн.
Энэхүү хөтөлбөр гадаад хэлний сургалт явуулдаг ерөнхий боловсролын бүх сургууль, гадаад хэлний багш, суралцагчид, сургуулийн удирдах ажилтан, олон нийт, эцэг эхчүүдэд зориулагдана.
Зорилго:
Тус хөтөлбөрийн зорилго гадаад хэлний боловсролын стандартыг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн түвшинд гадаад хэлний сургалтыг зохион байгуулах, суралцагчдын сурах бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэх, сургах, сурах үйл явцын зохистой харьцааны тогтолцоо бий болгоход оршино. Аливаа гадаад хэлний сургалтын агуулга суралцагчдад тухайн хэлээр ахуй амьдрал, нийгэм соёлын хүрээнд харилцах, хэлний  мэдлэгээ хэрэглэх чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ. Гадаад хэлний сургалтын үндсэн чиглэл аман болон ярианы харилцааны хэлбэрээр суралцагчдын хэлний хэрэглээний чадварыг хөгжүүлэх явдал юм.
Гадаад хэлний сургалтын хөтөлбөрийн бүтэц
12 жилийн ЕБС-д суралцагчид гурван гадаад хэл судлах тул гадаад хэлний сургалтын хөтөлбөр нь гурван хэсгээс бүрдэнэ: англи хэлний сургалтын хөтөлбөр, орос хэлний сургалтын хөтөлбөр, хятад хэлний сургалтын хөтөлбөр. Хөтөлбөр тус бүр нь дараах бүтэцтэй:
1.      Үндэслэл – тухайн гадаад хэлийг судлах хэрэгцээ болон ач холбогдол
2.      Зорилго, зорилт
3.      Агуулга – тухайн гадаад хэлийг анги тус бүрт судлах чиглэл: хүрэх ерөнхий үр дүн, агуулгын ай тус бүрийн тодорхой үр дүн, хэлний цэс, нийгэм- соёлын цогц чадамж, сурах арга барил, агуулгын хүрээ
4.      Үнэлгээ – танин мэдэхүйн шалгуур, жишиг даалгавар
5.      Арга зүй – суралцагчдад гадаад хэлийг хэрэглээний болон харилцааны зарчмаар эзэмшүүлэх
6.      Орчин – гадаад хэлний сургалтын таатай орчин
Сургалтын хөтөлбөрийг 4 ба 5 дугаар анги тус бүрээр цаашид өөрчилж, баяжуулан хэрэглэж болохоор хийнэ.
1.       Хичээлийн тодорхойлолт гэсэн хэсэгт сургалт явуулах анги, хичээлийн нэр, түвшин, цагийн багтаамж, хөтөлбөрийн хэрэгжих хугацаа зэргийг бичнэ.
2.       Хөтөлбөрийн гол үндэслэл гэсэн ойлголтод энэ хичээл нийгмийн болон суралцагчийн ямар хэрэгцээг хангах, цаашид ямар хэрэгцээтэй болох, түүний ач холбогдлын талаарх үзэл баримтлалыг англи хэлний үндэсний хөтөлбөр болон англи хэлний стандартад нийцүүлэн тодорхойлно.
3.       Хөтөлбөрийн зорилго хэсэгт суралцагч англи хэлний мэдлэгийг эзэмших, түүнийг бүтээлчээр хэрэглэх чадвартай болох, цаашид бие даан хөгжих зэргийг оруулан бичнэ.
4.       Хөтөлбөрийн зорилт хэсэгт суралцагчийн эзэмшвэл зохих мэдлэг чадвар, төлөвшлийг зорилгын хэсэг бүртэй уялдуулан бичнэ.
5.       Суралцагсдын эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, төлөвшлийн тогтолцоо гэсэн хэсэгт суралцагч англи хэлний ямар мэдлэгтэй болох, англиар сонсох, ярих, унших, бичих чадварыг эзэмшихдээ ямар түвшинд хүрсэн байх, мэдээлэлтэй ажиллах, хамтран ажиллах, бие даан суралцах, хөгжих хандлагыг хооронд нь уялдаа холбоотойгоор оруулж өгнө.
6.       Заах ба суралцах арга зүй хэсэгт суралцагчийн суралцах хэрэгцээ, сонирхол, туршлагад тохируулан сонгосон мэдлэг бүтээлгэх болон цогц чадамжийн түвшинд интеграцчилсан агуулгыг эзэмшүүлэх, мэдлэгээ хэрэглэх арга зүй, сурагчдыг идэвхжүүлэх, танин мэдүүлэх, хөгжүүлэх сургалтын аргуудын арга технологийг оруулж болно.
7.       Хөтөлбөрийн үндсэн агуулга хэсэгт цогц чадамжид суурилсан, агуулгын айн хүрээнд сонгосон судлах сэдэв, цаг, суралцагчийн бие дааж гүйцэтгэх даалгавар, унших сэдэв, жишиг даалгавар зэрэг орж болно.
8.       Сургалтын хэрэглэгдэхүүн хэсэгт сургалтад хэрэглэх сурах бичиг, техник хэрэгсэл, бие дааж унших ном, текст зэргийг бичнэ.
9.       Хөтөлбөрийн үнэлгээ, дүгнэлт хэсэгт суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг хэдийд, яаж, ямар арга хэлбэрээр үнэлэхээ бичнэ. Англи хэлний хичээлээр үнэлгээ нь цогц чадамж бүрийг танин мэдэхүйн түвшин бүрийн тодорхой шалгуураар тогтооно. Шинэ үг хэллэг, зөв дуудах, сонсож, уншиж ойлгох, ярих бичих чадварын ахицыг хичээлийн явцын дунд болон төгсгөлд үнэлнэ.
10.   Хөтөлбөрийн ном зүй хэсэгт хөтөлбөр боловсруулахад ашигласан материалуудыг бичнэ.
 Гадаад хэлний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
Ø  Суралцагчийн сурах сэдэл тэмүүлэл ,сонирхлыг байнга өрнүүлэх
Ø  Суралцагчийн бүтээлч шүүмжлэлтэй сэтгэлгээг хөгжүүлэх
Ø  Гадаад хэл сурах арга барилтай болгох
Ø  Суралцагчдыг цогц чадамж, гадаад хэлний хэрэглээний чадвартай болгох
Ø  Сургалтын идэвхтэй арга зүйг ашиглан суралцагчдад хэлний хэрэглээний дадлага хийх боломж, орчинг бүрдүүлэх
Бага ангийн багш нарын англи хэлний сургалтын хөтөлбөрт тавих шаардлага:
Сургалтын хөтөлбөр нь:
Англи хэлний сургалтын агуулгын хувьд
Ø  Гадаад хэлний боловсролын стандартын бага боловсролын түвшний шаардлагыг үндэс болгох
Ø  Бага боловсролын англи хэлний сургалтын агуулгын хүрээгээр илэрхийлэгдсэн мэдлэг, чадварыг тусгах
Ø  Бие даан анхан шатны англи хэлний мэдлэг эзэмших боломжтой байх, үүнд: үгийн нөөц, англи хэлний зүй, зөв дуудлага, хэлний хэрэглээний мэдлэг
Ø  Англи хэлний үндсэн чадвар эзэмших боломжтой байх, үүнд:сонсох, ярих, унших, бичих
Ø  Англи хэлний дээрх мэдлэг, чадварыг хэрэглэх чадвар эзэмших боломжтой байх
Ø  Багш болон суралцагч өөрийгөө үнэлэх боломжтой байх
11 жилийн сургуулийн бага боловсролын түвшинд англи хэл заах арга зүйн хувьд
Ø  4 дүгээр ангийн суралцагчдад ярианы англи хэл заах арга зүйг эзэмшүүлэх
Ø  5 дугаар ангийн суралцагчдад ярианы болон бичгийн англи хэл заах арга зүйг эзэмшүүлэх
Ø  Гадаад хэлний боловсролын стандартын дагуу хэрэглээний болон харилцааны англи хэл заах арга зүйгбагш нар эзэмших
Ø  Багш нар сургалтын суралцагч төвтэй, идэвхтэй арга зүйг хэрэглэж сурах
Мэдээллийн технологийг сургалтад ашиглахын хувьд
Ø  Сургалтад мэдээллийн технологийг ашиглах арга зүй эзэмших
Ø  Сургалтын явцад мэдээллийн технологийг дидактикийн хэрэгсэл болгон ашиглах чадвар эзэмшиж сургалтын чанарыг сайжруулж, үр дүнг дээшлүүлэх боломжтой болгох
Бага боловсролын түвшинд англи хэл заахаар бэлтгэгдэж буй оюутан суралцагчид болон англи хэл зааж буй багш нар дараах зүйлийг анхааралдаа авах хэрэгтэй:
Багш нарын эзэмшвэл зохих англи хэлний мэдлэг:
Ø  Өдөр тутмын хэрэглээний үгийн нөөц, үг хэллэг
Ø  Зөв дуудлага
Ø  Англи хэлний бүтэц
Ø  Зөв бичиг
Багш нарын эзэмшвэл зохих хэлний чадвар:
1.      Сонсох чадвар- сонсож ойлгох
Ø  Судалсан сэдвийн хүрээнд үг, үг хэллэг, өгүүлбэр, харилцан яриа, богино хэмжээний, энгийн эхийг сонсоод ойлгох
Ø  Судалсан сэдвийн хүрээнд энгийн ярианы хэмнэл, өргөлтийг сонсоод ойлгох
2.      Ярианы чадвар- өөрийгөө илэрхийлэх
Ø  Өөрийн санаа бодлоо зөв илэрхийлэхийн тулд англи хэлний үгийн нөөц,хэлний бүтцийн мэдлэгээ тухайн нөхцөл байдалд оновчтой ашиглах
Ø  Өөрийгөө болон өөрийн гэр бүл, сургууль, оршин сууж буй газрыг танилцуулах
Ø  Асуулт асуух, асуултад хариулах замаар бусадтай энгийн хэлбэрээр харилцах
3.      Унших чадвар- уншиж ойлгох
Ø  Үг хэллэг,өгүүлбэр, богино хэмжээний, энгийн бичвэр зөв уншиж ойлгох
Ø  Уншсан эхийн гол болон туслах санааг ялган ойлгох
Ø  Уншсан эхээс хэрэгцээтэй мэдээлэл авч ашиглах
4.      Бичих чадвар-өөрийгөө бичгээр илэрхийлэх
Ø  Англи хэлний үг, холбоо үг, өгүүлбэрийг зөв бичих
Ø  Судалсан үг хэллэг, хэлний бүтцийн мэдлэгээ оновчтой ашиглан өөрийн санаа бодлоо бусдад энгийн хэлбэрээр зөв илэрхийлэх
Багш нарын эзэмшвэл зохих суралцах ерөнхий чадвар:
Ø  Ном, сурах бичиг болон бусад сургалтын материалтай бие даан ажиллах
Ø  Магнитофон, компьютер зэрэг техник хэрээгсэлтэй ажиллах
Ø  Дадлага хийж англи хэлээр сонсох, ярих, унших, бичих арга барилд суралцах
Ø  Бусад багш нар болон сургагч багш нартай хамтран ажиллах
Ø  Бусадтай туршлага солилцох, зөвлөгөө авах
Ø  Өөрийгөө байнга үнэлэх
Ø  Хувийн зохион байгуулалт хийх
Ø  Багшлах ажлын болон суралцах цаг хугацаааг зөв хуваарилах
Үнэлгээ       
Ø  Өөрийн үнэлгээ
Багш өөрийгөө байнга хөгжүүлж тасралтгүй суралцаж байх шаардлагатай. Сургалт зохион  байгуулахын өмнө заах гэж байгаа тухайн бүлэг сэдвийг судлаад өөрийгөө шалгах, өмнө нь сурсан зүйлээ бататгах зорилгоор багш нар өөрийн суралцах үйл ажиллагаанд үнэлгээ хийх, тухайлбал, эзэмшсэн шинэ үг хэллэгийн нөөц, зөв дуудлага, сонсож ойлгох, уншиж ойлгох, ярих, бичих чадварын болон өөрийн хөгжлийг үнэлэх
Ø  Сургалтын үнэлгээ
Сургагч багш нар өөрийн анги танхимын сургах үйл явцад байнга дүн шинжилгээ хийж эргэцүүлэн бодох шаардлагатай. Тухайлбал, тухайн насны суралцагчдын онцлогт хэрэглэж буй арга зүй нийцэж байгаа эсэх, суралцагчид хэлний чадвар болон сурах арга барил эзэмшиж буй байдал, тэдгээрийн гүйцэтгэж буй даалгаврын чанар, ахиц зэргийг сургалтын явцад болон төгсгөлд үнэлэх, чиглүүлэх бэрхшээлийг даван туулахад туслах
Ø  Бусдын үнэлгээ
Сургуулийн удирдлага , бусад багш нар, арга зүйч, боловсрол судлаачид болон мэргэжилтнүүдээр сургалтын явц, чанар, үр дүнг үнэлүүлэх

No comments:

Post a Comment